Sunday, May 11, 2014

Морин хуурын үүслийн тухай домог


Image: 250 pixelsЭрт урьд цагт Монголын зүүн хязгаар нутгийн адуучин хүү Намжил цэргийн албанд мордож баруун нутгийг хамгаалан суужээ. Түүний уянгат сайхан хоолойгоороо яруу эгшиглэнт дуу дуулахад тэр нутгийн морьтой хүн бууж сонсдог, явган хүн сууж сонсдог байжээ. Олон түмэн ардууд сайхан эр Намжилыг гайхан биширч магтан сайшаахдаа хөхөө шувууны дуутай ижилсүүлэн "Хөхөө Намжил” гэж нэрлэх болжээ.
Хөхөө Намжил тэр газар олон жилээр албадан суухдаа нутгийн ноёны нэгэн сайхан гүнжтэй дотно танилцан янаглан амраглажээ. Хааны алба ч халаатай, эзний алба ч гэсэн ээлжтэй байдаг болохоор Хөхөө Намжилын алба хаах хугацаа дуусаж нутаг орондоо буцах болоход амраг хайртай гүнж нь хайрт хүн Намжилдаа нууц далавчтан "Жонон хар” гэдэг нисдэг морь өгөд “Энэ мориор газар товчлон ирж уулзаж байгаарай” гэж захисан юмсанжээ. Намжил тэр мориороо явж нутагтаа ирэхэд нь хүмүүс ихэд сонирхон өөр морь унахгүйд нь бас гайхдаг байжээ. Намжил хуучин хэвээрээ адуу малаа өсгөн аав ээжээ асран суудаг байсан боловч шөнөдөө гэр орондоо байхгүй алга болоод байдаг гэнэ. Ингэсээр гурван жил болоход түүний учрыг хүмүүс ер мэддэггүй байжээ.


Хөхөө Намжилынхтай ойролцоо нэгэн баян айл байв. Тэр айлд эгэл олныг үймүүлдэг, эвтэй хоёрыг бусниулдаг тийм сүрхнй ховч хүүхэн байжээ. Тэр хүүхэн түүнийг сэм ажиглан "Моринд нь ямар нэгэн нууц байна” гэж хянасаар байжээ. Мөнөөх ховч хүүхэн "Жонон хар" морины эгэл бишийг ажиглаж мэдсэн учир Хөхөө Намжилд хор хөнөөл хүргэх гэж санаархдаг болов. Хөхөө Намжил үдэш явж амраг хайрт гүнжтойгээ уулзаад тэр шөнө буцах замдаа адуугаа туусаар үүр шөнөөр буцаж ирээд “Мориныхоо хөлсийг намдаагаад үүр цайхад морио тавья" хэмээн гэртээ орж амран сууж гэнэ. Ингэхдээ мориныхоо нууц жигүүрийг нуухаа мартжээ. Гэтэл нөгөөх ховч хүүхэн морины төвөргөөн сонсож Хөхөө Намжилын ирэхийг мэдээд уяан дээр нь сэм очвол сайхан жонон хар морь санаа муутан ирсэнийг танилгүй, сайн эзиээ хэмээн баясаад хэнхдэг цээжээ хөндөлсүүлээд хөлстэй биеэ шилгээн газар цавчлан байж хоёр суганаасаа ид шидийн хүчтэй жигүүрээ дэрвэлзүүлж байхыг нь үзээд ховч хүүхэн гүйн харьж үйлийнхээ хайчийг ханцуйлж ирэн жонон хар морины жигүүрийг тас хайчлаад хаяжээ.Сайхан жонон хар морь нь шидэт жигүүрээ хайчлуулснаас болж удалгүй үхэж гэнэ.

Сайн мориноосоо салсандаа ихэд гашуудан Хөхөө Намжил нэгэн өдөр сайхан жонон хар мориныхоо урт сайхан дэл сүүлийг хайчлан авч толгойлон утаслаж нимгэн газрын арьснаас нь өвчин авч шир болгон нандигнаж дараа нь банз модыг авдарлан дархлаж өвчиж авсан арьсаараа хөндий цараа ширлэж орой дээр нь ухаант мориныхоо толгойг сийлж мөнхлөв. Түүний доорд хоолойд чих мод хоёрыг зохиож түүнээс хялгасан утсаа хоёр эгнээ болгон зүүж унжуулаад авдрыг давуулан ёроолд нь бэхлэв. Бас нарийн бургаас модны хоёр үзүүрийг хялгасан утсаар холбож нааш цааш хөрөөдөх хөвч хийв. Хөвчөө нарсан модны давирхайгаар тослоход гарах дууны өнгө яруу болоод олон янз болохыг мэдэв.

Ийнхүү утастай хуурыг зохиогоод уран эгшиг аяыг оруулан өөрийн сайн морины дурсгалд молор эрдэнэ морин хуурыг үүсгэж түүнд хайрт жонон хар мориныхоо янцгаах дуу, үүрсэх авиа, унгалдах аяс, алхаа гишгээ, арилжаа хатираа, төвөргөөнийг оруулж сэтгэлээ баясгав гэнэ. Түүнээс хойш урт аялгуут хуурыг хуурдаж суух зуур сайн морь нь санагдаж сэтгэлнийн гайхамшгийг төрүүлнэ. Ийнхүү морин толгойтой хуур Монголд анх үүсэж гарсан домогтой.

1 comment:

  1. Playtech launches virtual sports betting app - JSHub
    The US 삼척 출장마사지 sports betting 군산 출장마사지 and virtual sports industry is set to undergo a transformative 부산광역 출장안마 of sports betting sites, including FOX Bet, FOX Bet, 하남 출장마사지 and 이천 출장마사지 Virtual Sports.

    ReplyDelete