Sunday, May 11, 2014

МОНГОЛЫН ЦАГААН САР-БИЛЭГДЛИЙН БАЯР




Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Харин үүнээс өмнө энэхүү баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан гэдэг. Арвандолдугаар зуунд Монголд бурханы шашин сонгодог хэлбэрээ олж, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон байна. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхэт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг бөгөөд энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн Занабазар тогтоожээ.


Олон зууны турш цагаан сарыг тэмдэглэсээр ирсэн нь хүн төрөлхтөний түүхэнд Монгол хэмээх нэрийг бичүүлж байгаа гол хүчин зүйлийн нэг хэмээн үзэх нь ч бий. Энэ баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог. Тиймээс бие биедээ заавал зочилдог заншилтай. Битүүний орой хот айлаараа өндөр настныдаа цуглаж, идээ ундаа зооглон, тоглож нааддаг. Энэ өдөр ирэх жилдээ өрх гэрээ дүүрэн байлгахын үүднээс гадуур хоноглодоггүй. Шинийн нэгэн, хоёрны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй байна. Цагаан сараар цээрлэх ёстой гурван зүйл байдаг нь уур, шунал, мунхаглал гурав бөгөөд эдгээр нүглийг тэвчиж, буян үйлдэх нь цагаан сарын хамгийн чухал зан үйл ажээ.

Цагаан сард бэлтгэх нь

Цагаан сар болох сайхан. Цагаан сарын өмнө гараа эцтэл гурил нухаж, бууз чимхэж, нуруугаа эцтэл хувцас угааж, тоос гүвж байвч сэтгэл нэг л баяртай. Амаргүй байлаа ч энэ бүхэн хуучин жил улирч, шинэ жил морилон ирэх гэж буйг бидэнд байнга сануулдаг. Өдгөө цагт ч гэсэндээ сэтгэлээ чилээн мөнгө олж, хөлөө чилээн дэлгүүр зах хэсч, бухимдан цухалдаж байвч цагаан сарыг тэмдэглэхгүй байна гэж хэзээ ч үгүй.

Нэрээ сольсон МАХН, нэгэн цагт Монгол орныг удирдаж байхдаа уламжлалт цагаан сарыг хориглож, өнөөгийн ёсонд нийцүүлэх гээд ч дийлээгүй юм даа. Аргаа барсандаа тэр өдөр нь ажлын ихээр дарамталж,  албаар хурал цуглаан зохион байгуулж, цагийг нь аргамживч, бэлэгдэл хүслийг нь аргамжиж чадаагүй юм. Хичнээн алжааж ядарч, нойр хүрч байсан ч, амжиж нэгэн зуур, заавал цагаан сарын ёслолоо хийдэг л байсан монголчууд. Өнөө цагт олдсон эрх чөлөөндөө өргөжүүлэн дэглэж, өрсөлдөөн баярхал болгон тэнэглэж байвч гүйцэтгэдэг ёс нь, бэлэгддэг бэлэгдэл нь хэвээрээ. Мөнгөтэй баян нь бэл бэнчингээ бусдад гайхуулавч, бэлгүй зарим нь боломжоороо, сэтгэлээ бусдад дээдэлдэг юм монголчууд.

Монгол хүнийг цагаан сар, наадмаас нь хэзээ ч салгах  боломж үгүй. Энэ л өдрүүдэд монголын үндэсний зан заншил, сэтгэлийн бэлэгдэл, итгэлийн ариусал, ахас ихсийн хүндлэл, маргаашийн сайханд итгэх итгэл нь батжиж байдаг аж. Энэ л өдрүүдэд хэний ч заавар удирдлага үгүйгээр монголчууд эв нэгдлээ эрхэмлэж, инээд баяраар, эрхэмсэг заншлаар бие биендээ зочилж байдаг.

Билгэдэл - Өрсөлдөөн


Хуучин оны хирээ угааж, тоосоо гүвж, муудаж элэгдсэн хэрэггүй зүйлсээ шинэчилж байхдаа, улирч буй оны муу муухай бүхнийг сэтгэлийн гүндээ ариусган цэвэрлэнэ. Ууцаа чанаж, буузаа чимхэж, идээгээ өрж, ундаагаа базааж, бэлгээ зэхэж байхдаа, ирж буй жилийн элбэг дэлбэг амьдралыг бэлэгдэнэ. Мөрөө гаргаж, зүгээ чиглэж, ёсоо гүйцэтгэж байхдаа айсуй цагийн алдаа эндэгдлээс сэтгэлдээ сэргийлдэг. Харин энэ бүхнийг заавал өөрсдөө, гэр бүлийн хамтаар хийдэг байсан юм шүү. Энэ л үедээ үр хүүхдээ ажилд, бас ёс заншилд, авах гээхийн ухаанд сургадаг байж.

Бие биедээ баярхаж гайхуулалгүйгээр, нас намбын эрэмбээр идээ будаагаа засна. Өндөр настнууд нь ууц чанаж, 9 үеэр идээгээ засаж, их бүхлийг номоор нь тавьдаг. Идэр настнууд нь үхрийн өвчүү чанаж, 5 үеэр идээ засаж, чанасан махаар тавгаа засна. Айл бүхэн цагаан идээгээр тавгаа засаж, цагаалга бэлтгэж, цайлах ёслолоо цагаан идээгээр эхлүүлдэг байсан нь цагаан сарын утга учир, сэтгэлийн сүү мэт ариун байхын бэлэгдэл болдог ажгуу.

Харин энэ цагт ахмад настай нь бус, ахиу мөнгөтэй нь ууц зэхэж, идээгээ олон үеэр өрж бусдад гайхуулах болж дээ. Гагц үүний уршгаар монголын хичнээн хонь ууц болох тавиландаа, тэнгэрт хальж, үнэ мөнгөний хийрхэлд өрөөл бусдын  бухимдлын шалтаг болно вэ? Ууц тавиагүй бол, их бүхэл чанаагүй бол, идээгээ намхан өрсөн бол ядуу, арчаагүй гэж тоооцогдох хүртлээ сэтгэлээрээ бид ядуурч дээ. Энэ л хийрхэл олон олон монголчуудын цагаан сараа сэтгэлийн ариуслаар бус бухимдлаар угтах шалтаг нь болж буй.

Хүндэтгэл-жүжиглэл


Цагаан сарын эхний өдрийн нар мандах өглөө, ах дүү амраг садангаараа цуглаж,  хамгийн ахмад настандаа эхэлж золгон , насны дарааллаар нь бэлэгтэй сайхан үгс хэлэлцэн, хүндэтгэл үзүүлдэг. Амьдралын ихийг үзэж, хийсэн зүйлтэй хэлэх сургаалтай ахас ихэсийн амрыг нь эрж, мэндийг нь мэдэж, үгийг нь сонсож ах дүү хамаатан садангаараа, шинэ ирсэн нэгнийг өхөөрдөн танилцаж, шилжирч одсон нэгнийг дурсан хүндэтгэдэг монгол заншил үнэхээр агуу.

Гагц энэ өдөр ямагт бэлэг дэмбэрэлтэй сайхан үгс хэлэлцэж, элдэв хар муу санаагаа огоорч, муудаж сайдаж, мунхаглаж тэнэглэж байснаа уучлан өршөөж, ирэх цагийн сэтгэлийн сэвийг арилгах аж. Айл хотлоороо ах дүү олноороо эв нэгдэлтэй байж, бие биедээ тусалж дэмжин, ирэх жилийн өнгөнд ямагт гялалзаж байхыг энэ л өдөр бэлэгдэн хэлэлцдэг.

Хүндэтгэл ёслолын их үйлийн дараа бие биедээ бэлэг өгч, гар цайлгана. Бэлгийн ихийг буурай ахмадууд, балчир үрст өгч, бусад хүмүүст гар цайлгах бэлэг өгдөг байж. "Бэлгийн морины шүдийг үздэггүй" гэдэгчлэн энэ бэлэг нь хүүхэд хөгшдийг баярлуулан хөгжөөж, бусад нэгэндээ ирэх жилийн элбэг дэлбэг байхыг бэлэгддэг аж.

Харин энэ цагт бэлэг нь, бэл бэнчингийн хэмжүүр болж хувирсан нь олон олон монголчуудын бухимдуулж буй. Ихэнхи мөнгө нь "Эрээн, Хятад руу энэ бэлгийн төлөө урсаж байна" гэж халаглаж, " бэлэггүй тэмдэглэе" гэж уриалж,"үндэсний үйлдвэрлэлээ дэмжье" гэж ч сурталчлаад тусыг эс олох аж. Өгсөн бэлгээр нь хүндэтгэлийг хэмждэг, өгсөн бэлгийг нь голж ангилдаг, өгөх бэлгээ зэрэг зиндаанд нь тааруулдаг энэ л хийрхэл өдгөө цагт монголчуудын сэтгэлийг хиртээж, энэ баярын хамгийн сайхан уламжлалыг гутааж байгаа бус уу?

"Сэтгэлээсээ өгч байгаа бэлэг л ямар байхаас үл хамаарч хамгийн эрхэм зүйл байдаг" гэж хэлэлцдэг атлаа, энэ л өдөр сэтгэлийн сайхныг үл ойшоохын учир юун. Хүүхэд хөгшдийг баярлуулж, бусад хүмүүст "гар цайлгах" нь сэтгэлийн, бас боломжийн хэрэг шүү дээ. Бэлэг бэлтгэх гэж өр тавьж байснаас, хаа хаанаа хэнийхээ боломж чадлыг нь хүндэтгэж байваас тус энэ буюу.

Аав ээждээ хальт мөлт золгосон болчихоод л, дарга удирдагчидтайгаа золгоно гээд л ах дүүсээ орхиж одно. Өмссөн үйтэн хуар, бүсэлсэн мөнгөн бүс, тамхилах хөөргөөрөө өрсөлдөн гайхуулах тэд, энэ бүхнийхээ дороос бэлэгдэл бус бэртэгчин болж олонд харагддагаа мэддэг болов уу? Их зусардалт, их хийрхэл, баярхан гайхуулах бүхэн монголын цагаан сарын их бэлэгдэл хүндэтгэлийг өөрчилж чадахгүй л дээ. Харин энэ бүхнийг "хөөрцөглөн дагаж, хөлд нь чирэгдэж, хүн чанар ёс заншлаа огоорч" байгаа үйлдэл жилээс жилд багасаж байгаа нь монголчуудын "уужуу саруул ухаан, холч мэргэн бодлын илрэл" гэлтэй.

Цагаан сар-сэтгэлийн ариусал

Нэгэн жил улирч, нэгэн жил морилох мөчид монголчууд бид бэлэгдэлийг эрхэмлэж, сэтгэлийн ариуслыг дээдэлдэг. Энэ л баярын гол утга учир нь энэ аж. Өнгөрч буй жилд тохиолдсон муу муухай бүхнээ сэтгэлээсээ арчиж, ирж буй жилийн өнгийг өөдрөг сайхнаар мэдрэх хүсэл л энэ баярын угтал. Энэ баяр бол өнгө мөнгөний өрсөлдөөн, баян ядуугийн харгалдаан, эрх мэдэл зусардлын сүлэлдээн огт биш ээ. Энэ баяр бол монголын ёс заншилын эрхэм үйл, хүн чанарын эрхэмсэг оршихуй, чин сэтгэлийн сүүн цацал юм.

Өдгөө гадаадад байгаа монголчууд маань ч энэ баярыг эрхэмлэн, ихэд дээдлэн сайнаар тэмдэглэдэг болж байна. Энэ нь харь оронд ч монгол заншил, бэлэгдэл, уламжлалаа дээдэлж байгаа монгол сэтгэл. Аж амьдралын олон ч алжаалаас ангижирч, нэгэн өдрийг монголоороо өнгөрөөх хүсэл эрмэлзлэл монгол хүний цусанд нь, сэтгэлийн гүнд нь байдгийн илрэл буюу. Жилээс жилд харь оронд ч өргөжин тэлсээр буй монголын цагаан сар, монголчуудад эх орных нь нэгэн орон зайг мэдрүүлдэг буюу. Энэ л өдөр бид монгол гэдгээрээ бахархаж, монгол заншлаараа бие биенээ хүндэтгэж, сэтгэлээ ариусгадаг буюу.

No comments:

Post a Comment